Цаг үе
2023.06.30 04:06

"МИАТ" компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин эхлүүллээ DNN.mn

"МИАТ" ТӨХК-ийн орон нутгийн нислэгийн нээлт "Чингис хаан" олон улсын нисэх буудлын талбайд боллоо.

2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан МИАТ ТӨХК 2008 онд зогсоогоод байсан орон нутгийн нислэгээ дахин сэргээж 9 аймгийн чиглэлд шууд нислэг үйлдэхээр болж, 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ дахин эхлүүллээ.

Орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг болсноор жуулчид төдийгүй орон нутгийн иргэд ч аялал жуулчлалын гол бүс нутгууд руу түргэн шуурхай аялах боломжтой болж байгаа юм.


Манай улс 1956 оны долдугаар сарын 7-ны өдөр “АН-2” агаарын хөлгөөр зорчигч шуудан тээврийн анхны тогтмол нислэг хийж байжээ.

Энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Монгол Улсын Засгийн газраас 2022-2023 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн нислэгийг нээж байгаа нь Монголд зочилж ирж буй жуулчид болон орон нутгийн иргэдийг түргэн шуурхай зорчих таатай боломжийг олгож байна. Мөн 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ дахин эхлүүллээ. “МИАТ” компани 1956 оноос 2008 он хүртэл 21 аймаг руу нислэг үйлдэж байсан. Сүүлийн үед орон нутгийн нислэгийн тизний үнэ гадагшаа нисэх үнээс үнэтэй болсон. Бид орон нутгийн нислэгээ яаралтай эхлүүлэх үүднээс ӨАБНУ-ын “CEM AIR” компаниас CRJ-200 маркийн агаарын хөлгийг нойтон түрээсээр оруулж ирж байгаа.


“МИАТ” ТӨХК хуурай түрээс болон худалдан авах зорилготой хоёр онгоцийг оны сүүлээр оруулж ирнэ. Улаанбаатар-Мөрөн, Улаанбаатарт-Ховд, Улаанбаатар-Өлгий чиглэлд хангалттай урсгалтай байгаа. Хүний тооноос үл хамааран нислэгээ тогтмол явуулна. Суудал дүүргэлт бага байсан ч цаашдаа орон нутгийн иргэд, жуулчдыг орон нутгийн нислэгээр явдаг болгох, хэрэв нислэг нэгээс хоёр жилдээ тогтмолж болоод ирвэл нислэг тоог нэмнэ. Өлгий, Ховд, Мөрөнгийн чиглэлийн нислэг хүлээлтээс дээгүүр байгаа. Өчигдрөөс /2023.06.29/ наадмын хямдрал зарласан. Суудал дүүргэлт бага байгаа аймгууд руу 40 хувийн хямдрал зарласан. Жишээлбэл, Улаанбаатар-Даланзадгад руу нэг талдаа 170 мянган төгрөөг нисэх үнийн тариф гаргасан. Долдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ” гэлээ.


Үндэсний баяр наадмыг тохиолдуулан орон нутгийн нислэгт хямдрал зарлажээ


“МИАТ” ТӨХК-ийн маркетингийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэболд "Өнөөдрөөс эхлэн есдүгээр сарыг дуустал долоо хоногт 2-4 удаагийн давтамжтай найман чиглэлд нислэг үйлдэж байна. Тухайлбал, Ховд аймгийн чиглэлд долоо хоногт гурван удаа, Өмнөговийн чиглэлд долоо хоногт гурван удаа, Говь-Алтай хоёр, Хөвсгөл дөрөв, Увс хоёр, Баян-Өлгий хоёр, Завхан гурав, Дорнод аймаг руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэж байна. Мөн Үндэсний баяр наадмыг тохиолдуулан тусгайлан тариф гаргаж байгаа. Даланзадгад чиглэлд хамгийн хямд буюу нэг талдаа 194 мянган төгрөг, хоёр талдаа 380 мянган төгрөг байгаа. Улаангом чиглэлд 276 мянган төгрөг, хоёр талдаа 548 мянган төгрөг болсон " хэмээн ярилаа.


Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд, хоёр талын тийзийн үнэ:

  1. Ховд аймгийн Ховд хот руу нэг талдаа 405-451 мянган төгрөг, хоёр талдаа 810-902 мянга төгрөг,
  2. Баян-Өлгий аймгийн Өлгий хот руу нэг талдаа 405-451 мянган төгрөг, хоёр талдаа 810-902 мянга төгрөг
  3. Увс аймгийн Улаангом хот руу 800-852 мянган төгрөг
  4. Завхан аймгийн Улиастай хот руу 633-752 мянган төгрөг
  5. Говь-Алтай аймгийн Алтай хот руу 733-852 мянган төгрөг
  6. Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу 500-680 мянган төгрөг
  7. Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу 500-680 мянган төгрөг
  8. Дорнод аймгийн Чойбалсан хот руу 537-617 мянган төгрөгөөр хоёр талдаа нисэх боломжтой болжээ.






Онцлох нийтлэлүүд