Цэцэгчин Залуу

Гадаад хэргийн яаманд болсон үзэсгэлэнгийн үеэр.
Г.Батсүх цэцэг сонирхогчдын хамт
Мянга орчим гишүүнтэй болоод байгаа
"Хайтан" цэцгийн клубийн тэргүүн Г.Батсүх цэцэг сонирхогчдод төдийгүй бусад хүмүүст
"эрэлттэй" нэгэн. Түүнтэй уулзсан хэн боловч тийм, ийм цэцгийг яаж тарих вэ. Миний
тарьсан цэцэг үхэх гээд байна. Танай клубт яаж элсэх үү гээд л цэцэгтэй холбоотой
асуултаар булж байгаа нь харагддаг юм. Түүнийг "Хайтан"-гийн Батсүх гэвэл андахгүй.
Тэрээр таван хүүхэдтэй айлын отгон
нь. Нэгдүгээр хорооллын 86 дугаар сургуулийг төгссөн хотын унаган хүүхэд юм. Үзэсгэлэн,
худалдаа, томоохон арга хэмжээний үеэр Г.Батсүхтэй олонтаа тааралдахдаа ямар мэргэжилтэйг
нь ганц удаа ч асууж байсангүй. Агро ч юм уу, ургамал, ногооны чиглэлийн л мэргэжилтэй
болов уу хэмээн таамагладаг байлаа. Гэтэл сэтгэл судлаач мэргэжилтэй байж. Дипломоо
стрессээс гарах арга зам сэдвээр хамгаалж байсан Г.Батсүх хэдий хүний сэтгэл судлаач
ч одоо цэцгийн сэтгэл судлаач болчихоод байгаа нь энэ л дээ.
"Цэцэг хүнийг стрессээс гарахад хамгийн
сайн нөлөө үзүүлдэг. Цэцэг тарихаар урам зоригтой болж, аливааг харах өнцөг гэгээлэг
болж эхэлдэг. Хүн, цэцэг хоёр амьд организм учир энергиэ солилцдог. Хайрлаж арчилсан
цэцэг өнгөлөг ургадаг. Цэцэг хүнээс анхаарал их шаарддаг. Яг л хүүхэд шиг. Цэцэгс
ч стресст ордог" хэмээн тэрээр цэцгийн талаар огтхон ч түгдрэхгүй ярина.
Наймдугаар ангид байхдаа өөр нэг ангийн
хаалгыг таттал үгээр хэлэхийн аргагүй өнгө үзэмжтэй, цаанаасаа л гэрэл гэгээ цацруулсан
өмнө нь хаана ч харж байгаагүй тийм гоё цэцэг цонхны тавцан дээр байхыг олж үзжээ.
Тэр цэцэг өөрийн эрхгүй сонирхлыг нь төрүүлээд "Хиймэл юм шиг амьд цэцэг бас байдаг
аа" хэмээн гайхаад өнгөрч. Энэ мөчөөс л түүнд цэцэг гоё санагдах болж, тэгээд хаана
л гоё цэцэг байна, түүний араас явдаг болжээ. Ингэж явахдаа цэцэг сонирхдог олон
хүнтэй танилцаж, хобби нэгтнүүдтэйгээ харилцаа холбоо тогтоосон санж.
Г.Батсүх эхнэр хоёр охины хамт амьдардаг.
Эхнэр И.Пүрэвсүрэн нь түүний ажлыг хамгийн их дэмжиж хажууд нь байдаг туслагч нь.
Мэдээж бүхэл бүтэн клубийн тэргүүн учир гэртээ хоббигоороо маш олон цэцэг тарьж,
гэрээ чимжээ.
Сүүлийн үед цэцэг сонирхогчдын тоо
нэмэгдэхийн хэрээр гаднаас маш олон сортын цэцэг авчирч тарих болсон гэнэ. Гэсэн
ч Г.Батсүх тэр бүх цэцгийг нутагшуулах, үржүүлэх ажилд ханцуй шамлан орж алхам
тутамдаа суралцаж, энэ бүгдээсээ гишүүддээ хуваалцдаг ийм ажилтай цэцэгчин.
Г.Батсүх хайтан цэцэгт дуртай учир
2010 оны есдүгээр сарын 12-нд клубээ нээхдээ "Хайтан" хэмээн нэрийджээ. Хоббигоо
ажлаа болгочихсон учир хаана л гоё цэцэг байна. Тэр бүгдийг хайж олж үзэхийн тулд
заримдаа өдөржингөө интернэтээр "хэсэх" үе бий. Гадаадын гоё сортын цэцгүүдийг
Монголдоо авчирч, цэцгийн шинэ сортууд гаргаж, селекц хийж сурахсан хэмээн мөрөөддөг
Г.Батсүх "Монголын минь тал нутаг тэр чигээр ногоон хоттой болоосой" хэмээн чин
сэтгэлээсээ хүснэ.
Цэцэг сонирхогчдын эгнээнд эрчүүл
хүч түрэн орж ирэх болсон. Эрчүүд "Хайтан" клубт элсч цэцэг тарих сургалтад сууцгааж
хамтарсан үзэсгэлэнгээ хүртэл гаргаад амжсан. Уг клубийнхэн үүнээс гадна сая цэцгийн
үзэсгэлэн, фестиваль зохион байгуулж, Сүхбаатарын талбайг цэцгээр дүүргэж байсан
удаатай.
Г.Батсүх байнга л шинийг эрэлхийлж,
шинэ соргог зүйл сэддэг хөдөлмөр залуу л даа. Уулзах бүрийд дандаа хийж бүтээх хүсэл
тээсэн зүйл ярьж, сайхан мэдээ дуулгадаг юм.
Цэцэгчин залуу маань ирэх жил бие
даасан үзэсгэлэнгээ гарах төлөвлөгөөтэй яваа юм байна. Бас "Цэцэг ба уран зураг",
"Цэцэг ба бялуу" гэх мэт хосолсон үзэсгэлэн гаргах бодолтой гэнэ. Мөн арван жилийн
сурагчдын дунд "Цэцэгс уран зурагт" гар зургийн уралдаан ч зарлана хэмээн ярьсан
юм.
"Хосууд жилийн дөрвөн улирлын турш
цэцэглэдэг нил цэцгийг унтлагын өрөөндөө байрлуулбал илүү таатай. Яагаад гэвэл хайр
нь энэ цэцэг шиг үргэлж цэцэглэж байхыг бэлгэддэг" хэмээн зөвлөсөн зочныхоо зөвлөгөөгөөр
энэ удаагийн булангаа өндөрлөе.
Д.ГАНСАРУУЛ