DNN-Сурвалжлага: Иргэд “Цагаан сараар ах дүүс маань гэнэт ороод ирэх вий гэсэндээ санаа зовж, ууц, хэвийн боов зэхэж байна” гэв

Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Харин энэхүү шийдвэрийн талаар ард иргэд болон өргөн хэрэглээний бараа борлуулж буй худалдаачид ямар байр суурьтай байгааг сурвалжлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо.
Тус захад 3 жил талбай түрээслэн хэвийн боов зарж буй худалдагч Д.Цэдэндамбаас зарим зүйлийг тодрууллаа.
Д.Цэдэндамба: Хэвийн боов 3000-3300 төгрөгөөр зарж байна. Халдвар гарсантай холбогдуулна. Цагаан сарыг гэртээ тэмдэглэх шийдвэр гарсан учраас урьд жилүүдтэй харьцуулахад борлуулалт маш муу байна. Гэхдээ хүмүүс тавгийн идээ ойр зуурынхаа зүйлүүдийг л авч байна. Бидний зүгээс бараа бүтээгдэхүүнийхээ үнэ өсгөж зарж байгаа зүйл бол байхгүй. Харин ч нэгнээ дэмжээд аль болох дэм дэмэндээ амьдрах гэж л хичээж байна даа.
Тус захаар үйлчлүүлж буй иргэн С.Ганболд: “Муугийн ёс биш Монголын ёс шүү дээ” идээ тавгаа засаагүй, юу юу ч үгүй сууж байхад ах дүү, хамаатан садан ороод ирвэл яах юм бэ. Тэгж ч ёсоо алдахгүй. Ядаж идээ тавгаа засаад сууж байна аа. Буузаа хийгээд, ууцаа тавиад гэртээ байж байхад муудах зүйл байхгүй байлгүй дээ. Энэ чинь уламжлагдаж ирсэн ёс шүү дээ. Заавал бөөн, бөөнөөрөө ороод ир гээд байгаа юм биш. Хэн ч хэзээ ч ямар ч шаардлагаар орж ирж болно. Цагаан сарыг хориглосон болохоос идээ ундааг хориглоогүй” гэлээ.
Иргэн Д.Саранболор "Манайх буузаа хийгээд хоёр хонож байна. Тавгийн идээ, хэвийн боов худалдаж авахгүй. Цагаан идээ, ааруулаар тавгаа засаад ёсоо үйлдчихэд болох байх. Хамаатан садан, ойр тойрны найз нөхдүүдээс сонсох нь ээ бүгд л урьдын адил таваг идээгээ засаад, ууц хүртэл гадуур чануулж байгаа сурагтай, Цагаан сар тэмдэглүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан мөртлөө. Яагаад гадуур хэвийн боов, ууц,заруулаад сурталчилгаа хүртэл телевизээр гаргаад байгааг ойлгохгүй байна. Гэхдээ гар хоосон сууж байтал хүн ороод ирэхэд эвгүй байх нь мэдээж л дээ. Гэвч гаргасан шийдвэртээ эзэн баймаар байна. Иргэд бид яг ёстой учраа олохгүй, ядахдаа буузаа хийгээд тавьчихсан л байна” хэмээлээ.
Захын гадна ууц зарж байсан
иргэн Р.Балдорж: "Ууцны үнийн хувьд 150-500 мянган төгрөгийн хооронд зарж байна. Өвчүү 1 кг нь 8500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ жилийн хувьд ууцнаас илүү үхрийн өвчүү борлуулалт сайтай байна. Монголчууд Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг ард түмэн. Ийм чухал баяртаа сонгож авсан ууц нь сайхан байх хэрэгтэй шүү дээ. “Хүчит шонхор” зах дээр ууцаа худалдаалаад хэд хонож байна. Өдөрт 10-15 ширхгийг зардаг юм. Гэхдээ энэ жилийн хувьд худалдан авалт багассан байна. Цагаан сарыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гарсантай холбоотой байх. Ууц авлаа, борлууллаа гээд заавал айл хэсэх шаардлага байхгүй шүү дээ” гэж байлаа.
Ингээд бид махны үнэ бусад захуудад ямар үнэтэй байгааг тодрууллаа.
Байгууллага | Хонины мах, ястай | Хонины мах, цул | Үхрийн мах, ястай | Үхрийн мах, цул | Адууны мах, ястай | Ямааны мах, ястай |
---|---|---|---|---|---|---|
Барс худалдааны төв | 9,000 | 11,500 | 12,500 | |||
Баянзүрх зах | 8,800 | 9,500 | 11,000 | 12,000 | 8,500 | |
Бөмбөгөр худалдааны төв | 8,800 | 9,500 | 12,000 | 13,000 | 9,300 | |
Макс супер маркет | 8,900 | 11,500 | 12,800 | |||
Меркури зах | 12,000 | 14,000 | 14,500 | |||
Номин супер маркет | 8,899 | 11,499 | 12,899 | |||
Таван эрдэнэ зах | 9,500 | 13,500 | 14,800 | |||
Хар хорин зах | 8,500 | 9,500 | 9,800 | 12,000 | 8,500 | 7,800 |
Хүчит шонхор зах | 8,600 | 9,300 | 11,500 | 12,000 | 8,500 | 8,000 |
Гурилын үнэ
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-аас 1600 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1500 төгрөг, 1-р зэргийн гурил 1300 төгрөгөөр тус тус зарагдаж байлаа.
Иргэдийн худалдан авалт болон тэдний ярианаас сонсоход Цагаан сар тэмдэглэхгүй гэсэн бодолтой хүн нэгээхэн ч алга. Ах дүү, хамаатнууд ороод ирэх вий дээ гэж болгоомжлон айл бүр идээ тавгаа засаж, буузаа базааж буй нь тодорхой. Хөдөөнийхөн бол бүр золголтоо хийгээд, ах дүүгээрээ орж гарахаа хүнээр заалгахгүй гэх янзтай. Гэхдээ энэ олон мянган хүн өдөр тутам эргэлдэж байгаа энэ том захын наймаачид болон худалдан авагч иргэд өөрийн болон бусдын эрүүл мэндийн тусын тулд ядаж маск зүүж үү, хариуцлагатай байдал нь хэр байна вэ гэдгийг ч ажиглалаа. Маск зүүсэн нь дийлэнх байна. Гэхдээ зарим нь маскныхаа үүргийг ойлгоогүй гэлтэй. Өвчнөөс сэргийлэх гэж зүүж байгаагаа мартсан уу эрүүндээ тэгнэчихсэн, нэг чихэндээ зүүгээд унжуулчихсан, эсвэл хамраа ил гаргаад амаа хаачихсан гэх мэт. Харин амны хаалтгүй явж буй хүмүүс нь ёстой л тэнгэрлэг гэхээс өөр юу гэх вэ.
Д.БАТТОГТОХ